ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөрТөрийн ордон, Улаанбаатар хот
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ
/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хот, суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж
2.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Цэвэр усыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахтай холбогдсон харилцааг Усны тухай хуулиар зохицуулна.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."төвлөрсөн ус хангамж" гэж ус олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламжийг ашиглан хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үйл ажиллагааг;
3.1.2."төвлөрсөн бус ус хангамж" гэж гүний худгаас болон ус түгээх байрнаас усыг зөөвөрлөн түгээж, хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үйл ажиллагааг;
3.1.3."ариутгах татуурга" гэж хэрэглээнээс гарсан бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламж, бохир усны цооногийг;
3.1.4."ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж" гэж гүний болон гадаргын ус ашиглан ус олборлох, цэвэршүүлэх, цуглуулах шугам сүлжээ, усан сан, шахуургын станцыг;
3.1.5."шугам сүлжээ" гэж цэвэр ус дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах байгууламжийг;
3.1.6."цэвэр ус дамжуулах шугам" гэж ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжаас ус дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг;
3.1.7."цэвэр ус түгээх шугам" гэж ус дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалтаас хэрэглэгчийн тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг;
3.1.8."бохир усны гаргалгааны шугам" гэж хэрэглэгчийн сантехникийн хэрэгслээс барилгын гадна талын эхний худаг хүртэлх шугам сүлжээг;
3.1.9."бохир ус цуглуулах шугам" гэж барилгын гадна талын эхний худгаас бохир ус татан зайлуулах шугамд холбогдож байгаа худаг хүртэлх шугам сүлжээг;
3.1.10."бохир ус татан зайлуулах шугам" гэж бохир ус цуглуулах шугамд холбогдож байгаа эхний худгаас бохир ус цэвэрлэх байгууламжийн хүлээн авах сан хүртэлх шугам сүлжээг;
3.1.11."цэвэрлэх байгууламж" гэж бохир ус татан зайлуулах шугамаас бохир усыг хүлээн авч цэвэрлэх цогц байгууламжийг;
3.1.12."хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс" гэж Усны тухай хуулийн 3.1.4, 3.1.5-д заасныг;
3.1.13."хэрэглэгч" гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг;
3.1.14."хангагч" гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;
3.1.15."техникийн нөхцөл" гэж шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг ус хангамжийн болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан техникийн баримт бичгийг;
3.1.16."цэвэр усны үйлчилгээний төлбөр" гэж усыг олборлох, цэвэршүүлэх, зөөвөрлөн түгээх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг;
3.1.17."бохир усны үйлчилгээний төлбөр" гэж хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг;
3.1.18."тариф" гэж цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс баталж нийтэлсэн үнийг;
3.1.19."саарал ус" гэж ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг.