ХАЯГЖУУЛАЛТЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот
ХАЯГЖУУЛАЛТЫН ТУХАЙ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хаягжуулалтын тухай хууль тогтоомж
2.1.Хаягжуулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Хот байгуулалтын тухай, Геодези, зураг зүйн тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Авто замын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахад баримтлах зарчим
3.1.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахад дараах зарчим баримтална:
3.1.1.байр зүйн зурагт суурилсан байх;
3.1.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцсэн байх;
3.1.3.хаяг давхардахгүй байх;
3.1.4.хаяг үнэн зөв, энгийн, ойлгомжтой байх;
3.1.5.кадастрын бүртгэлээр баталгаажсан байх;
3.1.6.хаягжуулах ажил нэгдсэн арга зүйтэй байх;
3.1.7.хаягийн талаарх мэдээлэл хүртээмжтэй, нээлттэй байх.